Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн мэдээллийн санд нэмэгдсэн цахим үйлчилгээний талаарх мэдээллийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өглөө.
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд бүртгэлийн дугаар олгож эхэлсэн. Регистрийн дугаараас гадна бүртгэлийн дугаар хэрэглэх нь улсын бүртгэлийн байгууллагын гол ажлуудын нэг болохыг хэллээ.
Тэрээр “2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байна. Түүнчлэн иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг хийлгэвэл заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болно. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох шаардлага үүсдэг зэргээс шалтгаалан регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Ингээд хуулиараа регистрийн дугаар өөрчлөгдөх боломжтой байгаа учраас регистрийн дугаар давхцахгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах түлхүүр байж чадахгүй болоод байна. Ийм учраас иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар буюу 12 оронтой тоо шаардлагатай болсон. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт огт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглээд явна” гэлээ.
‘Харанга’ 20 сая, дуучин Т.Ариунаа 5 саяар дуулна

Монголчууд цар тахлын улмаас хоёр жил дараалан шинэ жилийн баяр тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд хүн амын ихэнх нь вакцинд хамрагдаж, нэмэлт тун хийлгэснээр хувийн хэвшлийнхэн хамт олноороо “шинэ жилдэх” боломжтой болж буй.
Шинэ жилийн баяраар хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ, хөлс ч өсдөг. Тайзан дээр гарч, хоёроос гурван дуу дуулаад нэг өрөө байрны мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш.
Шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийн одод ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэх тухай мэдээллийг бэлтгэн хүргэе. Энэ жил хамтлаг, дуучдын үнэ ханш өмнөх жилүүдийнхээс өссөн байна.
Рок поп ертөнцийн “акул” гэгддэг “Харанга” хамтлагийнхан 2019 онд 10 сая төгрөгөөр дуулж байсан бол энэ жил 30 минутын тоглолт нь 20 сая төгрөг болж өсчээ. Харин “Хурд” хамтлаг 12-15 сая төгрөгөөр амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх нь.
Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд нэг дуугаа 3.5 сая төгрөгөөр дуулах ханш тогтоожээ. Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн хувьд хоёр дууг таван сая төгрөгөөр дуулах юм байна. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг 3.5 сая төгрөгийн үнэтэй дуулах аж. Залуу дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар 2-3 дууг гурван саяар дуулна.
Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй “үйлчилдэг” хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид гурван саяас эхлэн таван саяар хөтлөх аж. Харин олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах боломжтой юм байна.
Жишээлбэл, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарын захиалга дүүрч, таван сая төгрөгөөр баярын арга хэмжээ хөтөлж яваа сурагтай. Харин хошин урлагийн жүжигчин О.Тэмүүжин, Г.Алтаншагай зэрэг хөтлөгчид гурван саяар хөтлөгч хийх ажээ.

