‘Баян хүнийг балаг тойрохгүй’ гэдгийн үлгэрийг Номин баталж байна. Тун саяхан засвар хийж байсан хүн гал алдсанаас УИДэлгүүр шатаж олон тэрбумын хохирол амсаад түрээслэгчид хэдэн зуун сая төгрөгөөрөө хохирсон хэл ам намжаагүй байхад 8-р сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн “Наадам центр”-т байрлах “Номин” сүлжээ дэлгүүрт хугацаа нь дууссан хиам борлуулж байсан бөгөөд үйлчлүүлэгч зохион байгуулагчид гомдол гаргасан ч гомдлыг хүлээн аваагүй байна.
Хохирсон иргэн нь тухайн дэлгүүрээс 269 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд 7526 төгрөгөөр “Мах маркет” нэрийн хиам авсан байжээ. Үйлчлүүлэгч тухайн бүтээгдэхүүнийг хугацаа дууссан гэдгийг гэртээ очсоныхоо дараа мэдсэн байна. Хүүхдүүдэд өгөхөөр хиамыг зүсэх үед иссэн байсан гэх ба бүтээгдэхүүнийг идэлгүй дэлгүүрт буцааж өгчээ.

Харин “Номин” дэлгүүрийн зүгээс хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээр үргэлжлүүлэн худалдаалж байснаас гадна “Хиамыг идэж хордоогүй л бол бид нар хохирол барагдуулах үндэслэл байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг өчигдрийн ээлжний ажилтнууд татаж аваагүй байсан нь бидний хариуцах ажил биш гэжээ.
Номин нь хэдэн зуун тэрбумын ашиг орлого олдог Монголын томоохон сүлжээ дэлгүүр. “Хүний хэрэгцээ цөм бүрэн” гэсэн сүрхий уриатай тус дэлгүүрээр үйлчлүүлдэггүй Монгол хүн гэж бараг л үгүй.
Тэгвэл ашиг л олж байвал хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж, бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулах нь тэдэнд огт хамаагүй болж таараад байх шиг.
Олон зуун мянган хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн энэхүү үйлдлийг зохих байгууллага нь анхааралдаа авч хэрэглэгчийг “нохой” мэт үл хүндэлсэн НОМИН-гийнхонтой хатуу хариуцлага тооцох цаг болжээ.













