Эрээний хил хаасантай холбоотойгоор Монгол Улсад импортын бараа бүтээгдэхүүн тасалдах, үйлдвэрлэлийн хүчин чадал хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн. Ингэснээр гаалиар орж ирэх барааны үнэ нэмэгдэж, нөөц хомсдсон. Мөн ачаа тээврийн асуудлаас болж экспорт зогсонги байдалд ороод байна. Тэгвэл Эрээнд өнгөрсөн Баасан гаригаас халдварын тархалтыг хумьсан гэж үзэж тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж хэвийн байдалд оруулжээ. Иргэд хил арваннэгдүгээр сарын 27-нд нээгдэж, автозамын ачаа тээвэрлэлт хэвийн хийгдэж магадгүй гэж таамаглаж байна. Тиймээс хил хэзээ нээгдэх тов гарсан эсэх талаар албаныхнаас тодрууллаа.
ХОЁР ТАЛД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА
АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун:
-Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулаад байна. Гэхдээ энэ шийдвэр хил гаалийн асуудлыг шууд шийдвэрлэнэ гэж ойлгох нь өрөөсгөл. Хэдийгээр боомтын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын төвийн шийдвэр гаргасан ч энэ нь ачаа тээврийн асуудлыг арваннэгдүгээр сарын 27-ноос нээхийг шийдэхгүй. Монгол, Хятадын аль аль талаас халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж хилээ ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байна.
Хил нээгдвэл эхний ээлжид бараа материал, ачаа, чингэлгүүдийг хилийн дундын бүс дээр солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Ингэснээр хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьтахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцоно.
Одоогоор хилийн хяналт шалгалт, халдвар хамгаалалтын зохицуулалтыг харилцан шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, нүүрс тээврийн жолоочдын PCR шинжилгээний хариу зөрөх гомдол дахин гарахгүй байхаар аль аль талаасаа анхаарч байна. Өмнө нь шинжилгээний хариутай холбоотой маргаан их гарч байсан. Харин одоо эерэг, сөрөг гардаг хариуны асуудлыг дахин зөрүүтэй гарахгүй байхаар хяналт тавьж сайжруулсан. Ойрын хугацаанд хил нээнэ. Гэхдээ арваннэгдүгээр сарын 27-нд нээнэ гэж товлоогүй.
ХИЛ НЭЭХЭД МОНГОЛЫН ТАЛ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАСАН
Нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн хянаж байгаа талаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас асуухад Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд тавьж байгаа.
Өмнө мэдээлсэний дагуу 20 хоногт багтаан авто замын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор ирэх долоо хоногт хил нээх эсэх асуудал эцэслэгдээгүй. Монголын талаас халдвар хамгаалалт, шинжилгээний цэгүүд дээр анхаарч, тээвэрлэлтийг хэвийн явуулахаар ярилцаж байгаа гэсэн юм. Харин Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад дундын бүсийг хамтран тохижуулах гээд Хятадын талтай хамтран ажиллаж байна. Хил нээгдэх шийдвэр гарвал экспорт, импортын хэвийн үргэлжилнэ. Өмнөхөөс ялгаатай нь халдварын дэглэмийг чанд баримтлуулна гэлээ.
Ямартай ч ирэх долоо хоногоос хилийг нээж магадгүй бөгөөд арваннэгдүгээр сарын 27-нд нээхээр товыг эцэслээгүй. Хоёр улсын талаас хилийн хяналт, шалгалт дээр зохицуулалт хийж байгаа гэх тайлбарыг холбогдох мэргэжилтнүүд өглөө.

