Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Засгийн газрын бүтцийн тухай, бас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшилцөхдөө дэмжсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам дээр санал байхгүй, харин “Хөгжлийн яам” гэснийг Эдийн засаг, хөгжлийн яам болгож өөрчлөх санал гаргасныг Засгийн газар хүлээн авч төсөлдөө тусгасан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар ч дэмжсэн.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг УИХ-ын гишүүн Н.Учралд хариуцуулж сайдаар, Эдийн засаг, хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хариуцуулж сайдаар томилно гэсэн яриа гараад удаж байна.
Н.Учрал нь өмнөх парламентад УИХ-ын Цахим бодлогын түр хорооны даргаар, энэ парламентад Цахим хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа нэгэн. Физиологийн хувьд ачаалал дааж чадна гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий нутгийн дүү Н.Учралыг сайдаар тавих саналтай байгаа бололтой.
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн дөрөв дэх парламентдаа ажиллаж байгаа бөгөөд ЕТГ-ын дэд дарга, Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай. МАН дахь М.Энхболдын фракцын төлөөлөл болох Б.Чойжилсүрэнд давхар дээл нөмрүүлэн сайдаар томилох нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тогтвортой байдалд сайнаар нөлөөлнө гэж тооцсон байж болох юм.
Хэрэв УИХ төслийг энэ хэвээр баталбал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 19 сайдтай, 16 яамтай болох юм. Уг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дагаж улсын төсөв батлагддаг. Гэтэл Засгийн газар эхлээд Төсвийн хууль дээр “алаагүй баавгайн арьс” болгож байгуулагдаагүй, сайд нь ч томилогдоогүй хоёр яам, нэжгээд агентлагийн төсвийг оруулаад ирсэн нь хууль тогтоох процедурыг нарийн сайн мэддэг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн алдаа болж байна. Алдаа ч гэж, эхлээд төсвөө батлуулж байгаад яамаа оруулж ирье гэсэн хашир парламентчийн явахгүй заль ч байж мэдэх юм.
Гэхдээ нэг саад гарч ирнэ. Энэ нь Үндсэн хуулийн 39-ийн 1-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасантай холбоотой.
Л.Оюун-Эрдэнэтэй нийлээд С.Амарсайхан, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан нар давхар дээлтэй сайд. Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Чойжилсүрэн нарыг давхар дээлтэй сайд болгохын тулд нэг бол Л.Оюун-Эрдэнэ 4 сайдынхаа хоёрыг чөлөөлнө, эсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Тэгэхгүй бол Үндсэн хууль зөрчигдөж Л.Оюун-Эрдэнэ огцорно.
Үндсэн хууль өөрчлөх санаа УИХ-д аль эрт гарчихсан, 99 гишүүнтэй болох, хууль тогтоох босгыг багасгах, түрүүн дурдсан гишүүдийн давхар дээл нөмрөх боломжийг нэмэх зэрэг хувилбараар яригдаж байгаа юм билээ. УИХ улсын төсвийг, дараалалд орсон төслүүдээ батлахад багагүй хугацаа хэрэгтэй. Үндсэн хуулийг нэмж өөрчлөх хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг одоо байгаа Шадар сайд болон ЗГХЭГ-ын даргад ч түр хариуцуулж магадгүй. Тэргүүн шадар сайдын орон тоог ч хуулийн төсөл хэлэлцүүлэх явцад гаргаж ирж болох юм.
Г.Улсболд
Эх сурвалж: time.mn
Илон Маск: Миний хөрөнгө Дэлхийг өлсгөлөнгөөс аврах юм бол татгалзах зүйл алга

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизл твиттер хуудаснаа Илон Маск Жефф Безос нарт хандаж ердөө зургаан тэрбум ам.доллар Дэлхийн хамгийн баян эрхэм болсон Илон Маск, түүний хөрөнгийн багахан хэмжээ дэлхийн сая сая хүнийг үхэ.хээс хамгаалж чадна хэмээн бичсэн.
Тэгвэл Илон Маск 6 тэрбум ам.доллар дэлхийн өлсгөлөнг шийдэх боломжтой, бас түүнийгээ тайлбарлаж чадах юм бол яг одоо “Tesla” компанийнхаа хувьцааг зарж үүнийг хийхэд бэлэн байна гэдгээ өөрийн твиттер хуудсаар илэрхийлсэн байна.
Б.Болор-Эрдэнэ: Саудын Арабд би уригдаж очсон, Төсвийн мөнгөөр яваагүй

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Саудын Араб улсад “Ирээдүйн хөрөнгө оруулатын санаачилга” нэртэй олон улсын хуралдаанд оролцсон. Энэ үеэр нь Монголд, холбогдох байнгын хороогоор Б.Болор-Эрдэнийн хариуцсан салбарын төсвийг хэлэлцсэн юм.
Иймд зарим УИХ-ын гишүүдийн зүгээс бухимдсан хандлага гаргасан. Тэгвэл тэрбээр энэ тал дээр “Намайг тухайн хуралд урьж, оролцуулсан. Бүх зардлыг даасан. Төсвийн мөнгөөр яваагүй. Явахдаа зөвшөөрөл авсан. Яах ч аргагүй хугацаа нь давхардсан учраас явсан. Байнгын хороон дээр миний өмнөөс хариулт өгсөн эмэгтэйн аав тэр өдөр сэхээнд байсан. Тухайн өдрөө өөд болсон. Сэтгэл санаа нь тогтворгүй байсан учраас хангалттай хариулт өгч чадаагүй” гэж ярьжээ.
Г.САНСАРМАА













