Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлд өгсөн мэдээллээр түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан.
Ер нь цахилгаан дулааны үнийг нэмэхгүй бол үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Чадлын дутагдалд орж эхэлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Чадлын дутагдлаас гарах, хөрөнгө оруулалтыг нэмэхийг гацааж байгаа зүйл бол төрөөс цахилгаан дулааны үнийг хатуу барьж байгаатай холбоотой. Тиймээс цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа” гэсэн байна.
Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр хувь нь халдвар авчээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /К.о.в.и.д 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн К.о.в.и.д-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх юм байна. Тодруулбал, зээлийн 50 хүртэл хувиар нь БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм ажээ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД: -Бүгд өвдөж байж, ца.р тах.лаас салах юм шиг байна. Гадуур өвдөөд, эмийн сангаас түргэвчилсэн тест аваад өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүс олон бий. Яамнаас бодит тоог хэзээ гаргах вэ. Хичнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ. Дархлаа тогтоох хувь хэмжээгээр хамгийн үр дүнтэй вакцин нь аль нь вэ. Зээлээр хамгийн үр дүнтэй вакциныг авах уу. Хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэсэн нэрээр зээл авахаа болих цаг болжээ. Цаашид анхаармаар байна
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: -Манай улс ДЭМБ-ын яаралтай журмаар батлагдсан вакцинуудыг хэрэглэж байгаа. Дөрвөн төрлийн вакцины хувь нь 75-94 хувь гээд харилцан адилгүй. 75 хувийн үр дүнтэй вакцин гэдэг нь 100 хүн тариуллаа гэхэд 25 хүн нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Бүх хүн өвдөж байж ц.а.р т.а.х.a.л намдана гэж ярьж болохгүй байх. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй. Манай улс олон улсын стандартын шаардлага хангасан вакцины агуулахтай
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ: -Манай улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудад дархлаа тогтоцын судалгаа хийж байгаа. Вакцины хувьд үр дүнтэй, үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийгдсэн судалгаагаар манай улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн. Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсэж байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр орчим хувь нь халдварт өртсөн.
Х.Нямбаатар: Замын-Үүд-Эрээн боомт хаагдсан учир импорт, экспорт зогсоно

Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээлсэн юм.
Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын багийг ахалж буй билээ.
Тэрээр “Өнөө өглөө Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай холбогдсон. Тэд БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан учир боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн мэдээллийг өгсөн. Манай улсаас тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс хятад хүмүүстэй харилцах боломжгүй байгаа. Монгол Улсын зүгээс халдварын дэглэмийг зөрчсөн тохиолдол байхгүй. Хэдий хугацаанд нээж, хаах тухай мэдээллийг авахаар Хятадын талтай холбоо тогтоож байна. Боомт хаагдсан учир импорт, экспорт зогсож байна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэлээ.













