Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2Б ангийн авьяаслаг сурагч Ү. Эмүжингийн баримлын шавраар болон үндэсний бичгээр хийсэн бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.
Тэрээр баримлын шавраар бүтээл хийж сураад нэг жил болж байгаа бөгөөд анх ээжтэйгээ хамт интернетээс бичлэг харж сурсан байна. Баримлын шавраар бүтээл хийхээс гадна хийл, калимба, злефон зэрэг хөгжим тоглох, бүжиглэх мөн үндэсний бичгээр хичээллэх зэргээр өөрийгөө хөгжүүлдэг. 5 настайдаа “Монголын сайхан бичигтэн”, “Сүегэр” зэрэг улсын уралдаанд амжилттай оролцож шагналт байр эзэлж байсан хамгийн бяцхан оролцогч юм.

Мөн 2020-2021 оны сургуулийн шилдэг сурагч /бага ангийн/, “Монголын Хүүхдийн Орд”-ны эрдэм хүрэл медаль, “Монголын Сурагчдын Холбоо”-ны тэргүүн сурагч алтан медалиар тус тус шагнагдсан.
Ү. Эмүжин нь ам бүл 4, ээж, аав, эгчийн хамт амьдардаг, зургаан настай. Ээж нь англи хэлний багш, аав нь жолооч. Түүний ээж Л. Ууганжаргал хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бүхий л талаар нь хөгжүүлэхийг хичээдэг байна. Ү. Эмүжингийн эгч Ү. Энхжин нь үндэсний бичгээр 5 жил хичээллэж байгаа бөгөөд “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны гутгаар байр, “Монголын сайхан бичигтэн улсын уралдаан 2020” уран бичлэгийн ангилалд тэргүүн байр, Сүегэр-2018 улсын уралдааны шагналт байр, Сүегэр -2021 улсын уралдааны тэргүүн байр тус тус эзэлж сум орон нутгынхаа нэрийг өндөрт өргөж яваа авьяаслаг сурагч юм.













