Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г өнгөрсөн долоо хоногт нураасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан М.Зоригт, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, уг бүтээн байгуулалтын нураах ёсгүй байсан хэмээх байр суурийг илэрхийллээ.
М.Зоригт “Бидний эх хэл бүдгэрч, түүх баларч байна. Монголын нууц товчоон дахь агуулгуудыг ӨМӨЗО-нд байгууламж болгож бариад, жуулчдыг татдаг болсон. Гэтэл бидэнд тийм үзвэр дурсгалын газар ховор. Баригдсан байгууламжийг муучилж, шүүмжилсээр нураалгачихлаа. Суурин дээр нь ганц сандал ч болтугай аваачаад тавьчих юм сан гэж бодож байна. Бид өнөөдөр л уулзлаа, нэг санаа бодолтой байна. Энэ хүрээнд хандивын данс нээсэн. Хандив цуглуулж, уг суурин дээр барих бүтээн байгуулалтын зардалд хувь нэмэр оруулна” гэж ярилаа.
Харин Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Хэд хэдэн чухал аялал, жуулчлалын цогцолборыг дэд бүтэцтэй нь барьж, байгуулахаар төлөвлөсний хүрээнд “Андлалын өргөө” баригдсан. Хийц, гүйцэтгэл талд нь асуудал байсан уу байсан. Гэхдээ түүх талаасаа л монголчуудад хайран юм боллоо. Суурин дээр нь маш хариуцлагатай хандаж, байгууламж барина. Харин хандив бол сайн дурын үндсэн дээр хийгдэх асуудал. Заавал өгөөч гэхгүй” гэлээ.
Г.САНСАРМАА













