Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллахаар болсон гэдэг мэдээлэл эрчтэй тарж эхлэв. Гэвч уг мэдээлэлд аль нэг нь албан ёсны хариулт өгөөгүй байна.
Ерөнхий сайдын багт экс Ерөнхийлөгч орж ажиллана гэдэг эрх баригч намын олон гишүүний хувьд цочир мэдээлэл байсан бол энэхүү дуулианы эздийн хувьд нэлээн дээрээс яригдсан асуудал байжээ. Ярилцсан ч шийдэлд хүрээгүй асуудал нь өнөөдөр ил болсон хэрэг.
Эх сурвалжийн хэлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувиар бус Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар намын харьяалал, албан тушаал хамааралгүй хамтран ажиллах талаар өмнөх Ерөнхийлөгчтэй ярилцжээ. Учир нь гадаад харилцааны асуудлаар ялангуяа мөнхийн хөрш гэгддэг ОХУ, БНХАУ-тай харилцах асуудалд Х.Баттулгатай зөвшилцөх боломжтой гэж үзсэн аж. Энэ асуудлыг экс Ерөнхийлөгч ч нааштайгаар хүлээн авсан гэдэг мэдээлэл байна.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ямар орон тоон дээр ажиллуулах нь тодорхойгүй байгаа аж. Төрийн тэргүүнээр ажиллан бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад хэдхэн сар болж буй Х.Баттулгатай хамтран ажиллах учир түүнийг зөвлөх эсвэл орон тооны бус зөвлөхөөр томилох нь тохиромжгүй гэж үзжээ.
Дээр дурдсанчлан энэ асуудал эрх баригч намын гишүүдийг гайхшруулсан. Тэр дундаа парламент дахь олонхын бүлгийн гишүүд намын дарга нь сөрөг хүчний багагүй рейтингтэй улс төрчтэй хамтран ажиллах болсонд дургүйцлээ илэрхийлээд эхэлжээ. Тиймээс ч есдүгээр сарын 1-н буюу ирэх Лхагва гарагт товлогдсон МАН-ын Бага хурлаар энэ асуудал хөндөгдөх нь тодорхой болоод байна. Уг нь энэ удаагийн хурлаар УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Гэсэн ч улс төрийн хүрээний хамгийн халуун сэдэв гэж хэлж болох уг асуудлыг намын Удирдах зөвлөл, Бага хурлаар хэлэлцэх нь гарцаагүй.
Мөн энэ асуудалд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэрхэн хандах нь зүй ёсоор анхаарал татна. Үндсэн хуулиар олгогдсон төрийн тэргүүний бүрэн эрхийн нэгд Ерөнхийлөгч нь Монгол Улсыг гадаад улсад бүрэн эрхтэй төлөөлнө гэж заасан байдаг. Түүний хамаарах асуудалд хэн нэгэн хөндлөнгөөс оролцоод эхэлбэл засаглалын хооронд үл ойлголцол үүсэх вий гэдэг болгоомжлолыг намын гишүүд хэлж байна.
Ямартайч ОХУ-д айлчлахаас өмнө зөвлөхөөр томилох тухай яриа явагдаж байгаа нь нэлээдгүй гэрээ хэлцлийг шийдэх гэсэн оролдлого байж болох. Учир нь Х.Баттулгыг Орос, Хятадын асуудал хариуцсан зөвлөх болно гэсэн явган яриа ч явж буй юм.
СХД-т АН-аас улсын баатар Э.Бат-Үүл, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нар сонгуульдана

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т УИХ-ын нөхөн сонгууль болно. Иймд улс төрийн намууд есдүгээр сарын 05 гэхэд дотооддоо нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Удахгүй болох нөхөн сонгуулийн гол өрсөлдөөн МАН болон АН-ын
хооронд болно гэж зарим эх сурвалжууд онцолж буй.
Тэгвэл өнөөдөр /2021.08.30/ АН-ын Сонгон шалгаруулах хороо хуралдаж, Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл, Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нарын аль нэгийг нь дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Улмаар энэ долоо хоногийн Лхагва гараг буюу есдүгээр сарын 01-ны өдөр болох АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар дээрх хоёр эрхмийн дунд санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодруулах аж.
Харин Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэр яригдсан байна. Иймд мөн ҮБХ-ны хурлаараа оруулж шийдвэрлүүлэхээр болжээ. Сонирхуулахад,Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Сонгинохайрхан дүүрэгт тус намын дарга асан Б.Найдлааг нэр дэвшүүлэх бол, Хэнтий аймагт тус намаас хүн дэвшүүлэхгүй, аль нэг зөв хүнийг нь дэмжинэ гэдгээ мэдэгдээд байна.













