Өнөөдөр /2021.08.23/ ШӨХТГ болон Дөрөвдүгээр эмнэлгийн захирал Н.Оргил нар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүтэй уулзлаа. ХСҮТ ба Дөрөвдүгээр эмнэлэг хооронд газрын маргааны асуудал бий. Энэ хүрээнд ХСҮТ-ийн талаас өөрийн эзэмшил гэх газрыг хашаалсан. Харин үүний улмаас Дөрөвдүгээр эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн иргэд, өвчтнүүдийн зорчих зам хязгаарлагдаж байгаа юм.
Энэ үүднээс тухайн хоёр байгууллагын хооронд хэдий газрын маргаан бий ч, ХСҮТ-ийн үйлдэл Дөрөвдүгээр эмнэлгийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг хаасан үйлдэл болж буй. ШӨХТГ-аас энэ асуудлаар шаардлага тавьсан ч ХСҮТ-ийн зүгээс хашаа байсан газраа контейнер байршуулжээ.
Уулзалтын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, ХСҮТ-ийн үйлдэл нь өрсөлдөөний тэгш зарчмыг хааж байгаа тул уг асуудалд хяналт тавьж, оролцож байна. Харин газрын маргаан нь тусдаа асуудал гэдгийг онцолж байлаа.
ШӨХТГ: БИД ГАЗРЫН МАРГААНЫ АСУУДАЛД ОРОЛЦООГҮЙ
Тэрбээр “Төрийн захиргааны байгууллага зах зээл дээрх хувийн хэвшлийн өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглодог. Өнөөдөр эмнэлэг ховор байна. Баянзүрх дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай. Ийм нөхцөлд эмнэлэг хооронд зорчих хөдөлгөөнийг хашаа барих гэх мэтээр хязгаарлаж болохгүй. Хашиж аваад байгаа хэсэгт тань угааас машинууд төлбөр төлөөд л зогсдог. Тэр төлбөр хаашаа ордгийг мэдэхгүй. Бид газрын асуудлаар бол ярихгүй, манай чиг үүрэг биш. Харин энэ үйл ажиллагааны улмаас өрсөлдөөн хязгаарлагдаж буй нь л гол асуудал.
Тэгэхээр эмнэлэг ховор, өвчтэй хүмүүс маш их байхад тэдний төлөө нэгдэж, нийлж ажиллаач гэдгийг хэлж байгаа юм. Харин газрын маргааны асуудлаа холбогдох байгууллагаар нь шийдвэрлүүл. Хувийн хэвшлийн эмнэлгийн үйл ажиллагааг нь битгий хязгаарлаач гэж байгаа юм” гэлээ.
ХСҮТ: МАНАЙ БАЙГУУЛЛАГА ӨРСӨЛДӨГЧ БИШ
Харин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, улсын эмнэлгийн хувьд өөрсдийн байгууллагыг өрсөлдөгч биш гэж үзэж буйгаа тайлбарласан юм. Түүнчлэн Дөрөвдүгээр эмнэлгийн удирдлагуудтай албан бичгээр удаа дараа харилцаж, хамтран ажиллах боломжтой гэдгээ мэдэгджээ. Харин ШӨХТГ-ын зүгээс албан бичиг илгээлгүй, фэйсбүүк орчинд пост тавих хэлбэрээр ажиллаж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Бид хэзээ өрсөлдөгч болчихсноо мэдэхгүй байна. Дөрөвдүгээр эмнэлэгтэй удаа дараа бичгээр харьцаж байсан. Гэтэл яагаад гэнэт хүйтэн сэтгэлтэй, өрсөлдөгч байгууллага болоод хувирчихав аа. Үүнд хувийн эрх ашиг байна уу л гэж харж байна, харамсалтай. Энэ эмнэлэг ахуйн хог хаягдлаа бариад, манай ажилчдын орон сууцны хогийн цэгт хаядаг. Эмнэлгийн хог хаягдлаа яадгийн мэдэхгүй. Ийм байдлаар, угаас эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тохирсон зай талбай бүхий газар баригдаагүй гэж хардаг. Харин бид нэг ч гэсэн шинэ эмнэлэг нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ.













