Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өчигдөр (2021.08.19) Монголын түүх, англи хэл гэсэн хичээлүүдээр эхэллээ. Энэ жилийн хувьд нийтдээ 40 мянга гаруй сурагч, өмнөх оны төгсөгчид улс орон даяар 82 шалгалтын байранд шалгалтаа өгч байна. Өнгөрсөн жилүүдийн тухайд улсын хэмжээнд нийтдээ 48 шалгалтын байранд ЭЕШ зохион байгуулдаг байсан бол цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ тоог 82 болгон нэмэгдүүлжээ.

Замын-Үүд сумын онцгой комиссын саналын дагуу тус суманд анх удаагаа ЭЕШ зохион байгуулж байна.
Нийслэлийн II, III, V сургуулиуд дээр очиход англи хэлний шалгалт эхэлсэн учир гадаа нам гүм, хүүхдээ хүлээн зогсох эцэг эх, багш нар мэр сэр харагдаж байв. Шалгалтын байрууд ч халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, нэвтрэх хэсэг болон гарах хэсгийг тусад нь шийдэж, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлсэн байгаа нь анзаарагдлаа.
ЭЕШ-ын эхний өдөр англи хэл, Монголын түүх хичээлүүдийн шалгалт амжилттай болж өнгөрлөө. Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. Ирц 90 хувьтай байна. Хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 шалгуулагч байна. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагч байна.

