Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 10,000 төгрөгийн дэвсгэртийг шинэ загвараар хэвлэж, гүйлгээнд оруулсан тухай мэдээллийг Монголбанкнаас тодруулахад үнэн хэмээн хариулав. Тус мөнгөн дэвсгэртээс хэчнээн ширхэгийг хэвлэсэн, хэзээнээс гүйлгээнд оруулсан эсэхийг асуухад ‘Мөнгөн тэмдэгтийн газраас уг мэдээллийг тодруулаад эргээд хэлье’ гэв.
Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.

Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, ‘Ардын хувьсгал 100 жил’ гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлууллаа.
Төв банк/Монголбанк/-ны тухай 7.2-т ‘Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан болон зоосон хэлбэртэй байна. Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг УИХ-аас батална’ хэмээн зааж өгсөн байдаг аж. Гэвч Монголбанкнаас дээрх мөнгөн тэмдэгтийн загвараа УИХ-аар батлуулалгүйгээр хэвлэсэн гэх асуудал яригдаж байна.
Хэрвээ Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хэвлэсэн мөнгөн тэмдэгтийн загварыг УИХ-аар батлуулалгүй хэвлэсэн нь тогтоогдвол Монголбанкны удирдлагуудад Эрүүгийн хуулийн 18.7-д заасан үндэслэлээр эpvvгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
Эх сурвалж: Livetv.mn

