Ноён ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд сүр дуулиантай очиж оролцов.
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр болж өнгөрлөө.
Өөрөө агаараар алжаалгүй морилж, албатууд нь газраар аварга жийпнүүд хөлөглөн очицгоожээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмний өмнө ер гарч ирээгүй, ерөөс хамраа ч цухуйлгаагүй шинэ Ерөнхийлөгчийнхөө гэгээн дүрийг Говь-алтай, Ховдын иргэд ийнхүү анхлан харсан байна. Тэнд цугласан ардууд тэнгэр тайх ёслолд оролцохын сацуу тэнгэрээр морилсон шинэ Ерөнхийлөгчийгөө, тойрогтоо ер үзэгддэггүй гишүүд, сайдууд, дарга дагахаас бусдаар дангаар ер очдоггүй нутгийн удирдлагуудаа биечлэн харснаа ихэд “бэлгэшээсэн” гэнэ.

Өнгөрсөн бямба гарагт Говь-Алтай аймгийн Тонхил суманд болсон Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй төрийн төлөөллүүд болон Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Наро Банчэн гэгээн, “Макс групп”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар “Алтай констракшн”-ны захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй зочид морилжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисдэг тэргээр, агаараар алжаалгүй морилж хүрсэн байна.

Говь-Алтай аймгийн удирдлагууд Сутай хайрханы Их овооны энгэрт улаан халзтай олон тооны гэр барьж, хонины хорхог, тарваганы боодог, айраг цагаа бүхий хүндэтгэлийн ширээ засаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, сайд, дарга нарыг элбэг хангалуун, ихэд тансгаар угтан авчээ. Тахилга болохоос гурав хоногийн өмнө Говь-Алтай аймгийн удирдлагууд, сумдын удирдлагууд Сутай хайрхан уулын Их овооны бэлд цуглаж, Улаанбаатар хотоос очих хүндэт зочдыг хүлээж авах бэлтгэлийг хангаж амжжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх агаараар хүрч очсон бол газраар 40 гаруй жийп бүхий “хурган” дарга нарын урт цуваа Улаанбаатар, Говь-Алтай, Ховд аймгаас очсон байна. УИХ, орон нутгийн сонгуульд угсраа ялалт байгуулж, шат шатанд ноёрхлоо тогтоож чадсан эрх баригч намын дарга асан У.Хүрэлсүхэд бараагаа харуулж, болж өгвөл гарыг нь атгаад авах хүсэлтэй, алс хэтдээ албан тушаал ахих санаатай дарга нар ийн хэдэн арваараа дагалдан очжээ.

Уг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохоосоо өмнө “хурган” дарга нарыг дагуулж явах дургүй имижтэй байв. Тухайлбал, 2020 оны есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яаманд ажиллаж, салбарын ажил, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах үеэрээ IV цахилгаан станц руу автобусаар явсан.

Ийн явах үеэрээ камерын өмнө гэнэт эргэж харж, дагаж явсан дарга нар, Эрчим хүчний яамны зарим төлөөллийг “Та нарыг хэн яв гэсэн юм. Ямар ч хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд байх юм. Сэтгүүлчдийг суулга. Хэрэгцээгүй хүмүүсийг битгий авч явж бай. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаж, салбага.надгаа боль. Ажлаа хийцгээ” хэмээн за.д заг.наж байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрхан уулын тахилгад оролцох үеэрээ өчил өргөж, цугласан ардуудад хандан үг хэлсэн байна. Мөн Сутай хайрханы тахилгад зориулан бор азарга сэтэрлэжээ. Сутай хайрхан уулын тэнгэр тайх ёслолын дараа хурдан морь уралдуулж, хүчит 64 бөх барилдуулж, Ерөнхийлөгч, гишүүд, сайд дарга нарт хүндэтгэл үзүүлжээ. Сутай хайрхан уулын тахилга наадмын хүчит 64 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Тонхил сумын харьяат Улсын начин Б.Суманчулуун үзүүрлэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг баясгажээ.
Эх сурвалж:ergelt.mn













