Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-т нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ‘Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар’ чиглэлд нисдэг МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, БНСУ-ын ‘Изинис Эйрвэйз’ ХХК-ийн нислэгийн тоог нэмэгдүүлэх нууц хуйвалдаан хийж байгаад баригдсан тухай зарим хэвлэлд онцолжээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт БНСУ-ын Сөүл хотод болсон ‘Агаарын харилцааны хэлэлцээр’-т оролцох үеэрээ уг хуйвалдааныг хийж байжээ.
Тиймээс АТГ-аас ИНЕГ-т нэгжлэг хийж Сөүл хотод болсон ‘Агаарын харилцааны хэлэлцээр’-тэй холбоотой бичиг баримтууд болон хэлэлцээрт явсан бүрэлдэхүүн, тушаал шийдвэрийг шалгасан байна. Мөн энэ үеэр зарим компьютер,техник хэрэгслийг нь хураан авсан байна.
Үүнтэй холбоотойгоор ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд яригдаад эхэлжээ. Түүний оронд чухам хэнийг томилох нь харин тодорхойгүй байна.













