Соёлын яам Буриадуудаас уучлалт гуйж, наадмын контентоос буриадын хэсгийг хассан гэх мэдээлэл байна.
Өнөө жилийн улсын наадмын нээлтийн контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн хормойг удаа дараа сөхөж буйгаар дүрслэн үзүүлсэнд иргэнд шүү мжлэлтэй хандаж байсан. Мөн наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл “Буриад зоныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр эхнэр хүний хормойг удаа дараа сөхөж, ёс зүйгүй хэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас га жуудуулсан, буриад дээлийн энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир байдлыг алдагдуулсанд харамсаж байна” хэмээж, цаашид уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэхийг уриалсан билээ.

Иймд бид Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэнтэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр “Монгол Улсын Соёлын яаманд долдугаар сард “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”, “Монголын буриадын төв холбоо” байгууллагуудаас контент бэлтгэхдээ буриад өв соёлын талаар судлаач, эрдэмтдээс мэргэжлийн зөвлөгөө авч байх утгатай албан бичиг ирсэн. Үүний дагуу Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг Дэлхийн буриадуудын холбооны дэд ерөнхийлөгч, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, тус сангийн гишүүн, буриад хувцас урлаач, өв тээгч М.Дунгармаа нарыг өчигдөр хүлээн авч уулзсан.
Уулзалтын үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг “Би монгол хүн” контенттой холбоотой буриад зон олны тавьж буй асуудлыг Соёлын яам бүх талаас нь судалж байгааг, мөн Соёлын яам бие даан байгуулагдсанаар ганцхан Буриад ч бус бусад ястнуудын өвөрмөц өв уламжлал, хувцас хэрэглэл, соёл урлаг, дуу хуур, соёлын биет болон биет бус өвийг хадгалан үлдээх, бүдгэрснийг сэргээн таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарал хандуулж байгаагаа хэлсэн. Буриад зон олны хувцас хэрэглэлийг буруу урласан зэрэг нь наад зах нь үндэсний хувцас үйлдвэрлэгчдэд буриад зон олны хувцас хэрэглэлийн судалгаа, нарийн ширийн мэдээлэл байхгүй байгаатай холбоотой тул буриад хувцас урлаачидадтай уулзаж, хувцасны загвар уламжлалыг хадгалан үлдээх асуудлаар ярилцсан. Мөн олон нийтэд хандсан контент гаргахдаа угсаатны болон антропологийн судалгаанд илүү их ач холбогдол өгч байхаа илэрхийлсэн.

Мөн олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа “Би Монгол хүн” контентын хэсэгт засвар оруулж дахин нийтэлсэн гэдгийг хэлсэн. Уулзалтын үеэр С.Оюунбилэг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувиар буриад зон олноос уучлалт хүссэн бөгөөд цаашид ирээдүй хойч үедээ түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа нандигнан өвлүүлэхийн төлөө хамтарч ажиллахаар болсон” гэсэн юм.
Эх сурвалж: eguur.mn













