Монголын телевизын, кино урлагын түүхэнд тод мөрөө үлдээсэн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсаны алтан партнёр Б. Гантигмаа ийнхүү бичжээ. Юу ч сонсмооргүй байна, юу ч яримааргүй байна, ер итгэмээргүй байна. Хайран сайхан, эр ганц элэг сэтгэлийн найз минь.
Хайртай гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье! Хатуу зөөлөн хамт байдаг энэхэн цаг хугацаанд дотны минь ганц эр найз, дэлгэц тайзны минь алтан хамтрагч, хамаг л жаргал зовлонгоо хамтдаа хуваалцсаар яг 30 жилийн ард гарч. Ай хайран найз минь дээ, тугал нүдэн Туулаа, алаг нүдэн охидоо, ангаахай бяцхан зээ нараа ямар эрт орхин одов доо…
Бүлтэлзээд л үлдлээ дээ найз минь хайртай тэд чинь. Охиддоо эргэн төрөөрэй хайрт найзминь. Аав ээж, гэргий хөөрхөн охид зээ нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!Чамгүйгээр дэлгэц тайзнаа өнчрөн хоцорлоо Бямбаа минь УМ МА НИ БАД МЭ ХУМ.

Жигмэдийн Батсайхан хэмээх анд нь ийн бичжээ. СЭТГЭЛИЙН ЗУЛ ХАЙРАН ДУУ ХООЛОЙ…Утга уянгын их хорвоод уйтай, шуутай мэдээ сонсдоод хэцүүхэн л байна. Ядахнаа, бусдаасаа арай ойр, ааг амьсгаа дотно явсан авьяаслаг, увдислаг ах, дүү нөхдөө алдахад хэцүү. Дуу хөгжмийн дөрөө хангинуулж явсан ах МУГЖ Н.Чулуунхүү тэнгэрийн хөшиг татаад удаагүй байтал, дэлгэц, сэтгүүл зүйн тайзнаас дэндүү эрт одсон МУСГЗ, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт дүүгээ чимээгүйхэн явчихсанд итгэж ядан сууна. Хэнтий нутгийн чуулгын хөгжмийн удирдаач Шагдаржав том хүүгээ хөтлөөд МРТУХ-ны босго давуулж, нэвтрүүлэгч болох хүслийн морины цулбуур атгуулснаас хойш бүрэг ичимхий атлаа бүхнээс тод содон дуу хоолойт хүү Бямбацогт аргагүй л Монгол Улсын дуу хоолой болж чадсан юм. Монголын радио, телевизийн том дуу хоолойтон дунд орж ирээд тэрбээр торохгүй л эфирийн эхэнд суух болсон юм. Мөн ч сайхан дуу хоолойтой шүү.
Оросын дуу хоолой болсон Юрий Левитан л гэсэн үг. Монголын Левитан болсон сайхан нэвтрүүлэгчид бий л дээ. Одоо ч дуу хоолой нь тодхон, содхон МУСГЗ Чулуунбатын ханхийх дөрөөнд ойртож нэг, зэрэгцэж нэг хавирч, давирч явсан юмсан!
Тэгэхдээ л даруухнаар телевиз, радиогийн нэгэн нээлттэй өдөрлөгөөр ” Ай даа, энэ агуу Чука ахын дэргэд бол бид нэвтрүүлэг хөтөлж, дуу гаргах гэж ёстой гурилддаг байсан байна” гэж дуу хоолой нэгтнүүд, үзэгчид, урлаг соёлынхноо инээлгэж байж билээ. Радиод их нухлуулж, ориг, ариг цээл хоолойгоо их ч өнгөлсөн. Кинонд дуу оруулж ур чадвараа ч их ахиулсан. Гэхдээ л гудамжинд хөдөлгөөн зогсоож, хот хөдөөгийн айлууд дэлгэцдээ ялаа шиг шавдаг байсан “Халтар царайт”-ын Мигел Ангелийн дуу хоолойгоор бол үнэнхүү цоорсон доо. За тэгээд 1000 гаруй гэнэ үү 10000 ч гэнүү кино, нэвтрүүлэгт дуу оруулсан гэхчив. Уншсан мэдээг бол тоололтгүй л дээ.
Цэнхэр дэлгэцэнд бол хожуухан л гарч ирсэн. Мэдээг бол царгиж харгиж биш, аргиж аагилж, амтархаг тостой уншина даа! Тиймээс мэдээгээ, нэвтрүүлэг бүхнээ дотоод сэтгэл рүүгээ нэвт оруулж уншихыг хичээдэг гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байна. Бид дуучдын тайлан тоглолтыг шавж үздэг. Харин нэвтрүүлэгчдээ тайлан тоглолт хийвэл тоож очих бил үү? Уг нь нэвтрүүлэгчид тайлан тоглолтоо хийвэл тайз багадаж, дуу хоолой нь эх орондоо багтахгүй л сагахсан! Гэвч нэвтрүүлэгчид эфирийн торон дотроо л , тайзны ард л нууцхан хөлсөө шударч суудагсан! Хааяа таарахаараа ” Ахаа сайнуу” гэж л асуух мэндлэх хоршуулж ёсолно. Илүү үг байхгүй. Нүдээрээ л бусдыг гүйцээх мэт эгц ширтээд дөлгөөн харцаараа л чимээгүйхэн ярих мэт. Ер нь одоо бодоход үгээр биш нүдээрээ л яриад байж дээ! Нүдээрээ инээгээд, зүрхээрээ л яриад байж…Бид мэдсэнгүй! Мэдсэн ч тоосонгүй! Үүнийг нь цуг олон жил амт ажилласан, ажигласан нэвтрүүлэгч нөхөд нь надаас илүү мэдэх биз. Дотроо би хэдэн шүлгээ сайхан уншуулж авч үлдэхсэн гэж боддог, хааяа түүнийгээ цухуйлгахад ” Тэгнээ, боддог бодол шүү” гээд нүдээрээ инээж хариу өгч байв. Даанч ийм хурдтай, гэнэт
явчихна гэж яаж санахав.
Явуухулан найрагчийн 90 жилийн ойгоор Завханд таарахдаа харин “Зургаа цуг татуулья,зураг хэрэгтэй, үлддэг юм байна лээ, ахаа наашир” гээд хамт патиардсан л үлдэж! Тэгээгүй бол зураг ч үгүй үлдэх байж.” Ах аа, наашир, хаа нэг уулзах яах вэ, хааяа нэг таарах яах вэ? Зураг л үлддэг хорвоо…зуун граммаас илүү зураг үлдэнэ, хоёулахнаа нэг сүүдрээ босгоодохьё” гэсэн нь халамцуу надад хайр үнэртүүлж, хямгатай байхыг л
сануулсан байж.Тэр ер нь нэг иймэрхүү ёжтой үгтэй, донжтой харцтай л даа. Тэр зураг нь ч үлдэж. Тэр үг нь ч үлдэж. Ай, хайран дуу хоолой!
Бямбацогтын тоглосон киноноос Их Нацагдоржийн дүр нь л надад яг буудаг. Хараад байж байхад Бямбацогт бус Нацагдорж л ийм байсан байх гэж буугаад байдаг. Би ч ” Хөөе, Их Нацаг” гэхээр “Чишш” гээд жуумганана. Тийм их даруухан. Өөр хүн бол онгироод л, өөш хүүш гээд л мань мэттэй өрж, арсаж байхсан. Монгол ах дүүс, уран бүтээлч нөхөд минь бид ч зэрэгцэж суусан, дэргэдээ байсан зэргийн хүнээ оройтож л үнэ цэнийг нь ярьж, алдсан хойноо л амаа барьж үлддэг болж дээ.














