Шатахуун импортлогч компаниуд өнөөдрөөс АИ-92 авто бензиний үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр нэмж, 2050 төгрөг болгосон. Тэгвэл бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор такси үйлчилгээний үнэ өнөө оройноос нэмэгдэж эхэлжээ. Тодруулбал, км тутамд 1000 төгрөг байсан такси үйлчилгээний үнэ 500 төгрөгөөр нэмэгдэж, км нь 1500 төгрөг болсон байна.
Шатахуун болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн хамаарлын судалгаанаас харахад, өмнө нь шатахууны үнэ нэмэгдэх такси үйлчилгээний үнэ тогтвортой байсан байна. Харин энэ удаад км тутамд 500 төгрөгөөр нэмэгджээ.
Харин онлайн такси үйлчилгээ болох “Ubcab”-аас гаргасан мэдэгдэлд “Бензин бол зардал. Зардал өссөн ч үнээ нэмж хэрэглэгч нараа гомдоохыг хүсэхгүй байна” гэсэн байна.
Захирамж: Махны ил задгай худалдааг наймдугаар сарын 1-нээс хориглоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байхаар болжээ.
Тус захирамжид “Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэжээ.
ШӨХТГ-аас долдугаар сарын 23-нд ”Хүчит шонхор” худалдааны төвд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн юм.

-Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,
-Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,
-Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт.














