Эрүүл Мэндийн Яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
– Энэтхэгээс ирсэн иргэдээс бүгдээс нь шинжилгээ авсан уу?
А.Амбасэлмаа: Энэтхэгээс 158 иргэн маань ирсэн. Бид шаардлагатай хүмүүсийнхээ шинжилгээг онгоцны буудал дээр аваад, хянаад, тусгаарлаад явсан. Ингээд өнөөдөр бүх хүний буюу 158 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ бол эхний шинжилгээ.
– ОХУ-д байгаа халдвар авсан оюутнуудаа авах боломжтой юу?
Д.Нарангэрэл: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу халдварт өвчтэй хүнийг тээвэрлэдэггүй. Халдвартай нь батлагдсан хүнийг ОХУ-ын тал ч явуулахгүй. Цэргийн сургуулийн оюутнуудыг авчрах үеэр халуурсан долоон оюутныг шинж тэмдэг илэрсэн гэж үзээд аваад үлдсэн. Энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг мөрдөж байгаагаа илэрхийлж буй хэлбэр. Оюутнуудын биеийн байдлыг тус улсын эрүүл мэндийн байгууллага хянаж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа.













