Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаж, шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Баяр наадмыг тэмглэн өнгөрүүлэх хуулийн хүрээнд комисс байгууллагддаг.

Комиссыг Шадар сайд ахлан явуулдаг. Өнгөрсөн лхагва гарагаас эхлэн Хууль зүйн яамын сайд Х.Нямбаатар ахлан явуулж байна. Есөн салбар хорооны хүрээнд үйл ажиллагаа явуулахад наадмын төсөв Нийслэлийн Засаг дарга дээр тавигддаг. Энэ төсөв нь ойролцоогоор 3.5 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байсан.
Үүний дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн салбарын арга хэмжээ болох урлагийн арга хэмжээнд тавигдсан байсан.
Засгийн газрын шийдвэрийн дагуу бид урьдчилсан бэлтгэл ажлыг хийгээд явж байсан. Энэ бэлтгэл ажлыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, аль болох бөөгнөрөл үүсгэхгүйн тулд бага багаар хийээд явж байсан.

Контентийн хэмжээнд нээлт хаалтын соёл урлагийн арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд хийгдсэн байгаа. Яг одоогийн байдлаар хэдэн төгрөг зарцуулсан талаарх нарийн тооцоо гараагүй байна.
Энэ мэдээлэл нийслэлийн төсөв дээр тавигдаад явдаг учраас тэр үед нь мэдээллэх боломжтой. Контентийн тухайд нэгэнт хийгдчихсэн байгаа учраас тэр хэмжээнд нь янзалж цэглээд олон нийтэд хүргэх болно гэв.













