Засгийн газраас цар тахлын энэ үед аймаг, сумдын наадмыг хориглож, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар хийх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтран мэдээлэл хийлээ.
Үндэсний спортын холбоодын зүгээс аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр нь хөдөө орон нутагт таагүй уур амьсгал бий болгоод байгаа учраас наадмыг цуцлахгүйгээр найман сар дотор багтаан хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүллээ.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Монгол Улсын 330 сум 21 аймагт давхардсан тоогоор 23 мянга орчим бөх барилддаг. Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдана гээд олон залуус бэлтгэл, сургуулилтаа хийгээд байж байна. Засгийн газарт баяр наадмыг том өв соёл гэдэг талаас нь харж, цар тахлын дэгдэлт өндөр байгаа энэ үед зөв зохион байгуулалтаар даван туулах буюу наадмын хугацааг тодорхой сунгах, хойшлуулах байдлаар бүх наадмыг нэгэн зэрэг төвлөрөл гаргахгүйгээр хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгнө үү хэмээх санал хүргүүлж байна. Түүнээс биш зөвхөн Улаанбаатар хотын ойролцоо наадам хийж, үүнийг цахимаар дамжуулан хөдөө орон нутагт байгаа малчид, бөхчүүд, уяачдын эрх ашгийг хүлээн зөвшөөрөхгүй хаяна гэдэг байж болохгүй асуудал юм. Дараагийн 100 жилийн наадмыг бид бүгд мэдээж үзэхгүй. Иймд хөдөө орон нутагт болох наадмыг цар тахлын ид дэгдэлтийн үеэр хойшлуулж, халдварын тархалт намжсаны дараа хорио цээрийн дэглэмийг баримтлан зохион байгуулж өгөхийг хүсэж байна” гэв.
Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч Ц.Батсайхан “Хөдөө орон нутгийн иргэд, уяачид, бөхчүүд, харваачид маш их бухимдаж, мэргэжлийн холбоод руугаа маш их хүсэлтийг илгээж байна. Тодруулбал, “Бид хөдөө орон нутагт вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүс байгаа. Төр засаг цаг үеийн нөхцөл байдалдаа уялдуулан заавал долдугаар сарын 11,12-нд гэхгүйгээр долдугаар сардаа багтааж баяр наадмаа хийх талаар улахмжилж өгөөч ээ” хэмээн холбогдож байна. Үүний дагуу гурван холбоод нэгдэн баяр наадмыг аймаг, сумд тэмдэглэхгүй гэдэг шийдвэрээ эргэн харах талаар Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.













