2022 онд гарахаар төлөвлөж буй супер баатруудын “The Marvels” кинонд Оскарын “шилдэг кино” шагналыг хүртсэн “Parasite” кинонд дүр бүтээж, Netflix тавцангийн “Itaewon Class” цувралаараа алдаршсан жүжигчин Пак Со Жун тоглож болзошгүйг дэлхийн хэвлэл мэдээллийн тавцангууд сурвалжилж байна. Албан ёсны эх сурвалжууд энэ талаар мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч Starnews Korea вебсайтын мэдээллэж буйгаар жүжигчин киноны зураг авалтад оролцохоор энэ оны сүүлээр Америк улсыг зорих гэнэ. Хэрэв эдгээр мэдээллүүд батлагдвал түүний Холливүүд дахь карьер эхэлж, алдар нэр нь эрс өснө хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна.

Ахмад Марвелийн үргэлжлэл болох The Marvels нэртэй кино нь 2022 оны 11-р сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Киноны найруулагчаар Ниа ДеКоста ажиллаж, Карол Данверсын дүрд дахин Бри Ларсон нар сонгогдсон байна. MCU-ийн шинэ тоглогчид болох Тейона Паррис, Иман Веллани нар Моника Рамбэ, Камала Хан нарын дүрд тус тус тоглож байна.













