Будаг нь ханхалсан шинэхэн гавьяат Д.Ганцэцэгийг ард түмэн ‘Жинжиймаа’ киноны дүрэлгэр том алга нүдтэй охины дүрээр нь андаггүй билээ. Түүнээс хойш тайз дэлгэцийн урлагт бүхий л амьдралаа зориулж ирсэн тэрбээр төрсөн аав нь тэнгэр дэвшээд удаагүй байхад хайрт ханиа алдаж амьдралын хатуу нугачаанд сөхрөлгүй хоёр хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн хүчирхэг эмэгтэй.

Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ‘Би ханьтайгаа 11 жил хамт амьдрахдаа таван жилд нь л ханийхаа дэргэд байсан. Бусад бүх үед нь Улсын Драмын Эрдмийн Театр хэмээн улаан байшинд өнгөрүүлжээ. Би дэндүү сайхан хайрыг мэдэрсэн. Ханьтайгаа амьдарч байхдаа хоёр сайхан хүүтэй болсон. Ахиад хэн нэгэнд сэтгэлээ нээнэ гэдэг тийм ч амаргүй байх болов уу’ хэмээн ярьж байжээ.

Д.Ганцэцэг олон жилийн ганц бие ээжийн амьдралдаа цэг тавьж ханьтай болжээ. Түүний нөхөр үсчин бөгөөд олон нийтэд ододын үсчин Б.Хосоо гэдэг нэрээрээ илүү танигдсан юм. Д.Ганцэцэгийг гавьяат авах өдөр нь талбай дээр ирж харилцаагаа нийтэд ил болгожээ. Түүний шинэхэн нөхөр Б.Хосбаяр ‘Хос мастер’ салонаа 2019 онд нээж өнөөдрийг хүртэл амжилттай бизнесээ эрхэлж байгаа. Түүнийг мэргэжилдээ дээд зэргээр мэргэшсэн мастер үсчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголдоо төдийгүй Азийн шилдэг үсчингээр шалгарч байсан аж. Ханиа алдаад 10 гаруй жилийг ардаа орхисон Д.Ганцэцэг шинэ амьдрал зохиох нь зүйн хэрэг. Шинэхэн хосуудад аз жаргалыг хүсье ээ.














