Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 8-р зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4-р сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ.













