Сүүлийн үед МҮОХ-г тойрсон асуудал олны анхааралд байна. МҮОХ-ны дүрмийн дагуу тус холбооны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь МҮОХ-ны бүх гишүүд чөлөөлдөг бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхийлөгчийн ажлыг түдгэлзүүлэх эрхгүй байдаг байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг яаран сандран солисон нь хар дагуулж эхэллээ. Н.Түвшинбаяр нь ч шийтгэлээ хүлээж, МҮОХ нь ч шалгуулж, Их спортоо цэвэрлэх цаг болжээ
Үндэсний аудитын газраас МҮОХ-нд энэ оны эхэнд шалгалт хийсэн бөгөөд зарим эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгуулага шалгаж эхэлжээ. Аудитаас МҮОХ-нд хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг Үндэсний аудитын газар зургаадугаар сарын 30-нд өгөхийг үүрэг болгожээ.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Гишүүн холбоодын зүгээс
‘МҮОХ нь үе үеийн Монголын тамирчдын амжилт бүтээлийн хуудас болохоос он удаан жил энэ байгууллагад шигдсэн нэр бүхий нөхдүүдийн Олон улс, төр засгаас санхүүжүүлдэг олон зуун тэрбумын төсөл, хөтөлбөрүүдийг хараа хяналтгүй ашиглаж, идэж ууж, шaмшигдуулax бэлэн саалийн үнээ биш. Тодруулвал, МҮОХ-нд одоо ажиллаж байгаа зарим удирдлага, архагшсан мэргэжилтнүүд МҮОХ-ны нэрийг барьж, идэж уусан олон буcapмaг үйлдэл нь Аудитын Ерөнхий Газрын хяналт шалгалтаар ил болж, хууль хяналтын байгууллагуудад ч шалгагдаж эхэлсэн нь, тэртээ тэргүй ёс зүйн хариуцлага хүлээж, долоо хоногийн дараа өгөх гэж байгаа албан тушаалыг Н.Түвшинбаяраас яаран сандран дүрмийн бусаар булаан авах гэж оролдож буй нь өөрсдийгөө хуулийн хариуцлагаас мултлах гэсэн асар том төлөвлөгөөнийх нь эхлэл бөгөөд шударга ариун дүр эсгэсэн хуурамч баг гэдгийг нийт ард иргэддээ албан ёсоор мэдэгдэж байна’ хэмээн мэдэгдэл гаргажээ.
Н.Түвшинбаяр хэдийгээр өөрөө шалгагдаж байгаа боловч МҮОХ-ны зарим гишүүд түүний алдаан дээр дөрөөлж өөрсдөө ч хариуцлагаас мултрах гэж оролдож байх магадлал өндөр байна. Н.Түвшинбаяр нь ч өөрөө шалгуулаад, МҮОХ-ны хэрэгт холбогдоод буй албан тушаалтнууд ч мөн шалгуулж, Их спортоо цэвэрлэх цаг болжээ.
Эх сурвалж: Bolod.mn













