Хөдөө аж ахуйн “Cargill” компани үхрээс ялгардаг метаны хийг боловсруулах шүүлтүүр худалдаж эхлэх гэж байгаа тухай Блумберг мэдээлэв.
Энэ туршилтын технологи нь хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад тустай гэж үзэж буй. Амны хаалт маягаар хийгдсэн шүүлтүүрийг Британийн гарааны бизнесийн компани бүтээжээ. Ийм маягаар агаар мандалд хаягдах метаны хийг бараг тал хувиар бууруулах гэнэ. Cargill компани ирэх жилээс үхрийн маскаа сүүний фермүүдэд худалдахаар зэхэж байгаа ч үнээ хараахан тогтоогүй байна. Харин Zelp компанийн мэдээгээр жилийн түрээсийн төлбөр нь нэг үхэрт 80 доллар болох ажээ.

Үхрийн ялгаруулах метаны хийн 95 хувь нь хамраар дамжин гардаг. Энэ хий нь агаар мандалд байх эхний 25 жилдээ нүүрсхүчлийн хийнээс 80 дахин илүүтэй дулааныг шингээдэг. Шинэ төхөөрөмж нарны зайгаар ажиллахын зэрэгцээ үхрийн хамраас ялгарах хийг сорон авч метаныг шингээх шүүлтүүрээр дамжин камерт цуглуулна. Шүүлтүүр дүүрсэн үед метаныг химийн урвалаар угарын хий болгон гаргах гэнэ.














