Цар тахал хумигдаж буй цаг дор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хатуу хөл хориог тэсрэх бөмбөг (мини) аюулгүй болгож байгаа мэт анхаарал болгоомжтойгоор суллах хэрэгтэй юм. Тэгэхдээ тэдгээр аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, хяналт өндөр байгаа тохиолдолд хүсэлтийг нь харгалзан мэргэжлийн хүн үзлэг шалгалт хийсний үндэс дээр мөрдөх журам хэлэлцээрт гарын үсэг зуруулан хөл хориог цуцла. Засгийн газар өөртөө ч итгэдэггүй өвгөчүүл шиг өөрийн биеэр хийх гэж ачаалал аваад тамирдаад унах нь.
Одоо аж ахуй нэгжүүд, иргэдээ итгэн ачаагаа хамт үүрэлцэж зарим үед итгэж найдаад ажил даатга. Хөл хорионы тохирсон журам зөрчсөн бол эзэдтэй нь тооцоо бод, торгууль төлүүл, татвар нэм, чангалаад өг. Тэгэхээр тэд чинь доод хэдийнхээ арьсыг хуулаад өгнө шүү дээ. Цар тахлын хорио цээрийг хамгийн сайн мөрдөх газрууд бол Эрчим хүч, уул уурхайн газрууд юм. Ажлын байрны нөхцөл, дэг журмаас хамаараад ийм газрууд ханиад бага гардаг гэх судалгаа бий.
Хамгийн их ханиад, томуу тараадаг газар бол автобус, цайны газар, үсчин, сургууль, спортын танхим шүү дээ. Эдгээр газарт хяналтаа сайжруулчих хэрэгтэй юм. “Амны хаалт бол вакцин” гэдэг үгийг соц нийгмийн үе шиг энд тэндгүй нааж ухамсарт тархинд хийх цаг болжээ. Хорио цээрийн дэглэмийн өндөр түвшинд, жишиг тогтоосон газар бол “Таван толгой түлш” компани.
Ажилдаа ирэхэд халуун үзнэ, хоол цайндаа ороход, өөр оффис руу ороход үзнэ. Маскгүй хүнийг үйлдвэр рүү оруулахгүйгээс гадна талбай зохион байгуулагчид (Хүрээ хийдэд гэсгүй гэх нөхөр бэрээ гэдэг мод бариад явж байдагтай адил) хөдөлмөр хамгаалал, маск цаг тутамд шалгана. Яг ийм жишиг тогтоочихвол төр засгийн ачааг хөнгөлөөд явчихна. Аж ахуйн нэгжүүд дампуурч гэмээнэ төр засаг сэргээх гэж дахиад зээл тарааж гадаад өр чинь уул овооноос их болно.
Тийм учраас байшин бүрийн үүдэнд цагдаа зогсоох биш тэр СӨХ-д итгээд орхих хэрэгтэй болжээ. Цар тахлын хорио цээрийг зөрчсөн нөхдийг баривчилж гудамж талбай цэвэрлүүлэх хэрэгтэй шүү.